• SendMN
  • Posts
  • Зурагтаар л хардаг том оддыг ойроос харж K-Drama массын хэсэгт цагийн ажил хийсэн маань маш сонирхолтой туршлага болж чадсан 

Зурагтаар л хардаг том оддыг ойроос харж K-Drama массын хэсэгт цагийн ажил хийсэн маань маш сонирхолтой туршлага болж чадсан 

Зурагтаар л хардаг том оддыг ойроос харж K-Drama массын хэсэгт цагийн ажил хийсэн маань маш сонирхолтой туршлага болж чадсан 

Өөрийн танилцуулбал? 

Намайг Анужин гэдэг, Солонгос улсад нислэгийн хөдөлгөөний удирдагч мэргэжлээр төгссөн. 27 настай, одоо мэргэжлээрээ Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албанд ажилд орох гэж байна. 

Баярлалаа, шууд асуултдаа оръё гэж бодож байна. Яагаад Солонгос улсыг сонгож суралцахаар болсон бэ? 10 жилээсээ л суръя гэсэн бодолтой байдаг байсан уу? 

10 жилдээ K-pop их сонсдог байсан. EXO хамтлагийн үнэнч фэн. Түүнтэй ч холбоотой 11-р ангиа төгсөхдөө л шууд явахаар шийдчихсэн байсан, Тэгээд зуучлалын газар дамжуулаад судлаад явсан. Хамгийн гол нөлөөлсөн зүйл гэвэл K-pop юм уу даа.  

Мэргэжлийн хувьд их нарийн онцгой мэргэжил байна. Мэргэжилээ хэрхэн сонгосон талаар тайлбарлавал? 

Манай өвөө нисгэгч хүн байсан мөн нисэхэд багаасаа амьдардаг, нисэхийн салбартай ойр өссөн болохоор аав, ээжтэйгээ ярилцаад энэ мэргэжлийг сонгосон. Миний сурсан мэргэжил маань Монголд бэлтгэдэггүй мэргэжил болохоор дийлэнхдээ Солонгос, Орос, Украйн, Хятад, Тайланд очиж суралцдаг. Тийм дээ ч энэ мэргэжлийг сонгосон байдаг.  

Маш гоё сонголт байна. Тэгвэл тухайн мэргэжлээ сонгосон сургуулийнхаа талаар бидэнтэй хуваалцаач, ер нь Солонгос улс руу нисэхийн чиглэлээр маш олон хүүхдүүд явж байна. Нисэхийн чиглэлд ер нь ямар ямар мэргэжлүүдээр сурдаг вэ?  

Манай сургууль Сосан хотод байрладаг Hanseo их сургууль, азидаа нисэхийн чиглэлээрээ нэлээн ТОП-доо ордог. Том цогц нислэгийн талбай, олон агаарын хөлөг, дадлагын орчин сайтай. Яг нислэгийн чиглэлээр мэргэшсэн их сургууль. Хамгийн их хүүхдийн сурдаг мэргэжил бол нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, онгоцны үйлчлэгч, нисэхийн механик инженер, цахилгаан инженер, сүүлд нисэхийн танхим маань олон болоод Нисэхийн Software Engineer, Airport Management, Автомат жолоодлоготой онгоц гээд илүү нарийн мэргэжлүүд ч мөн байгаа.  

Нисэхэд ажиллан гэхээр өндөр цалинтай, сайн хангамжтай гэж хүмүүс ер нь боддог. Түүнтэй адил нисэхээр сурах нь мөн давхар өндөр зардалтай байдаг гэсэн хүмүүс ойлголттой байдаг. Нисэхийн чиглэлээр Солонгос улсад сурах хүсэлтэй байгаа хүүхдүүдэд төлбөрийн талаар мэдээлэл өгвөл? 

Намайг сурч байхад өөр сургуулийн төлбөрүүдтэй харьцуулахад манай сургуулийн төлбөр харьцангуй өндөр байдаг байсан. Тэгэхдээ өмнөх дүнгийн голчоосоо хамаараад бага зэргийн тэтгэлэг авдаг байсан. Нисэхийн чиглэлээр сурахад ер нь төлбөр өндөр байдаг, ялангуяа нисгэгч бол маш өндөр байдаг. Мөн тэтгэлэг авах боломжгүй байдаг. Мөн 3-р курсээс дадлагын нислэгт гардаг, тухайн дадлагад гарж байгаа төлбөр болон, дадлага хийж байгаа онгоцныхоо түлшийг мөн хувиасаа гаргадаг байгаа. Мэдээж өндөр төлбөртэй ч сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарсны дараа цалин хангамж тэр хэмжээгээрээ өндөр байдаг болохоор хэрвээ нисгэгч болно гэсэн чин хүсэлтэй бол төлбөрийн хувьд зохицуулаад төгсөх боломжтой. 

Солонгосын их сургуулийн тогтолцооны талаарх? 

Монголд бол хичээлийн шинэ жил нь 9 сарын 1-н байдаг бол Солонгост хичээлийн шинэ жил нь 3 сарын 1-н байдаг. 3 сарын эхээс 6 сар хүртэл хичээллээд амарна. Ахиад 9 сараар 12 сар хичээллээд 3 сар хүртэл амрах байдалтай.  

1,2-р курс дээ бол амралтын үеэрээ ажил хийчихдэг бол 3,4-р курсүүдэд бол шууд дадлагаа хийгээд явчихдаг. Улирал бүр англи хэл, volenteer, тэмцээн зэргээс их бага хэмжээгээр оюутнуудад зориулсан тэтгэлэг, хөнгөлөлт их байдаг, Мөн тухайн улирлын дүнгээс хамааруулж дараа улирлын мөн хөнгөлөлт үзүүлдэг байгаа. Голч дүн 3.0 бол 30-40 хувийн хөнгөлөлт ороод явчихдаг байсан. 4,500,000 вон байлаа гэхэд түүнээс 30% хасагдаад дунджаар 3,500,000 вон төлдөг байсан. 

Солонгосын цагийн ажлын талаар? Суралцаж байхдаа төлбөрөө болон амьжиргааны зардлаа хийгээд явах боломжтой юу? 

Миний сурсан туршлагаас үзвэл хангалттай боломжтой. Манай сургууль том хотуудаас зайтай байдаг цагийн ажил бага гэхэд боломжийн ажил олдоод л байдаг байсан. Хувь хүний зохион байгуулалтаас мөн хамаардаг, анх ирээд хэцүү байгаад хүүхдүүдээс буцах нь ч бий. Миний хувьд төлбөрийн 100% баталгаатай, тэтгэлэг юм уу гэрээсээ авчихна гэсэн боломж байгаагүй. Миний төлбөр би өөрөө л төлнө гэсэн сэтгэлзүйтэй байсан учраас яадаг ч бай ажлаа хийнэ гэсэн сэтгэхүйтэй байдаг байсан. Ялангуяа Сөүл гээд том хотууд руу сургууль байдаг хүүхдүүдэд бол хангалттай боломжтой. Солонгост чинь цагийн ажлын хөлс он гарах болгонд нэмэгдэж байдаг, 2013 онд намайг анх очиж байхад цагийн хөлс нь 5,500 вон байсан, тэгээд сая 2022 оны өвөл дахин Солонгос явах үед цагийн хөлс нь 9600 болсон байсан. Гэхдээ тэглээ гээд сургалтын төлбөр, юмны үнэ өссөн биш байгаа юм. Тэгэхээр хангалттай төлбөрөө олчихно гэж харж байна. Миний хувьд анх хэлний бэлтгэл, дотуур байрны мөнгөө бол гэрээсээ авч байсан. Түүний дараагаас 1-р курсээс хойш бол төлбөрөө би өөрөө хийдэг байсан. 

Манай хичээл 6 цагаас тараад 7 хоногтоо 3 өдөр хагас цагаар ажил хийчихдэг мөн амралтын үе 2 сараараа бүтэн цагаар ажил хийгээд төлбөрөө олчихдог байсан. Тэгээд 3,4-р курс дээ ороод ирэхээр дагаад хэлний чадвар ч гэсэн сайжраад цагийн үнэлгээ арай сайтай ажлууд хийх боломжтой учраас төлбөр, дотуур байр зэргийн мөнгөө хангалттай олоод явчихдаг байсан.  

Солонгос гэх юм бол K-drama, K-pop байхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анужин-н хувьд нэлээд хэдэн драмагын хойно массын хэсэгт тоглосон байсан? Энэ талаараа хуваалцвал? 

Хамгийн түрүүнд Солонгост цагийн ажил олж хийх хэдэн эх үүсвэр байдаг. Анх очиход бол мэдээж илүү туршлагатай Монголчууд, дээд курсийн оюутнууд байдаг. Шинэ оюутнууддаа ажил олж өгөх, цуг ажилд авч гарах зэрэг байдаг. Бас нөгөө эх үүсвэр бол утасны аппууд байдаг. Хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байхад өөрийн ямар ажил хийх гэж байгаа, ямар цагт хиймээр байгаагаа оруулчихад өөрт чинь зориулсан ажлын заруудыг шүүгээд гаргаад ирдэг байгаа. Бас хот дүүрэг болгоны gucharu зарын сониноос мөн олж болох байгаа. 

Драмагын ажлын хувьд сургуулиа төгсөөд сул цагаараа сонирхлоороо ажил хийж үзмээр санагдаад ажил хайж байсан. Тэгсэн KBS-ийн драмагын background олны хэсэгт ажиллах цагийн ажил байсан. Тэгээд зарых нь дагуу очоод уулзсан. Очиж уулзаад 1 жилийн гэрээ хийгээд, гэрээний төлбөр гэж төлсөн санагдаж байна. Яахав зарим тохиолдолд гадаад хүн гэхээр авахгүй байх тохиолдол байж магадгүй. Миний хувьд гадаад хүн гэж нээх мэдэгдэхээргүй хэлний асуудалгүй байсан болохоор гайгүй байсан. Гэрээ хийсний дараагаар дугаарууд өгчихнө, тэгээд ажил хийх боломжтой үеэ харж байгаад, өөрийнхөө Profile мэдээлэл, боломжтой гэдгээ мессеж биччихнэ. Тэгээд миний Profile, гадаад төрх, байршлаас хамаарч байгаад ямар Background массын хэсэгт тохирох вэ гэдгийг сонгож өгдөг байгаа. Жишээ нь үсээ будуулсан бол, эсвэл маникюр хийлгэсэн бол дээр үеийн кинонд тоглож болохгүй ч гэх юм уу. 

Цалингийн хувьд кино зургийн хэсэгт ирсэн цагаас хойш, явах хүртэл бүх цагийг тооцож байдаг. Дундуур нь кино багийнхан техник хэрэгслээ бэлдэх, жүжигчдийг хүлээх зэрэг бүх хүлээлгийн үед ч мөн цалин бодогдсоор байдаг. Мөн шөнийн зураг бол цалин 1.5 хувиар бодож өгдөг. Хол газар, шөнө зураг тарах юм бол унаа, хоолны мөнгө гэж нэмэлтээр мөн орж ирдэг байгаа. 

Бас хувцсаа өөрөө бэлддэг байгаа шүү. Тухайн өдрийн ямар киноноос хамаараад юу юу авчрах ёстойг нь хэлээд өгнө, тэрнийх нь дагуу яг бэлдээд очих ёстой гэсэн үг. Тэгэхээр өөрт ямар хувцас байгаагаа шалгаад боломжтой гэж хэлнэ. тэр болгонд хувцас худалдаж аваад байвал цалингүй болно шүү.  

Солонгост очоод хэзээ, хаана аялбал гоё вэ? 

Мэдээж дэлхийн том хотуудын нэг Сөүлд очих хэрэгтэй байх . Өндөр хөгжил, шинэ, сонирхолтой технологи гээд анх ирж байхад бүх л зүйл сонин содон байсан. Everland- галзуу хулгана, Хааны ордонгоор Ханбүгтэй аялах, тэгээд хоолны гудмууд бол дуусашгүй их Мөн далай орж үзэх хэрэгтэй GangWon Do - гийн далай их гоё, Пусаны далай их гоё. Миний хувьд одоо бодоход далай үзэнгээ аялж байсан үеүүд их сэтгэлд үлдсэн байдаг. Хугацааны хувьд хэт халуунаас өмнө аялах хэрэгтэй. 4-р сараас 7 сарын хооронд тохиромжтой үе байдаг. 

Солонгос сурхаар явах гэж байгаа залуусдаа зөвлөгөө өгвөл? 

Тууштай байгаасай гэж залуусдаа хэлмээр байна. Хүний нутагт хэцүү зүйлс их байх ч, өндөр хөгжил гоёл соёлтой, боломж ихтэй улс болохоор төлөвлөгөөтэй байгаасай. Явах зам хаашаа ч даяллаа гэсэн хэтийн зорилгоосоо хазайхгүйгээр ихийг сураад ирээрэй гэж хэлмээр байна.  

 Ярилцлага өгсөн Анужиндаа баярлалаа. 

Reply

or to participate.