- SendMN
- Posts
- 10/30 - Валютын ханш ба зах зээлийн тойм
10/30 - Валютын ханш ба зах зээлийн тойм
БНХАУ-д нүүрсний үнэ хямдарснаар энэ өвөл цахилгаан эрчим хүч тасалдах магадлал багасаж байна.
10 сарын 26-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
📉 Өмнөх 7 хоногт гарсан ГАДААД ВАЛЮТ дээрх онцлох мэдээнүүд
KRW: БНСУ-ын эдийн засаг III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 1.4% өсөж ирэх IV улиралд экспорт улам эрчимжих төлөвтэй байна.
Мөн тус улсын Төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэн барьсан нь эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн байна. Энэ нь ДНБ хэмжээ 0.5%-иар өснө гэсэн таамгаас өндөр дүн боллоо.
10 сарын эхний 20 хоногт хийсэн экспорт жил гаруйн хугацааны дараа анх удаа өсөлттэй гараад байгаа аж. Мөн хагас дамжуулагчийн үнэ доод түвшинд хүрч байгаа нь олон улсад эрэлт нэмэгдэж, экспорт өсөх эерэг дохио болж байна.
JPY: Иений ам.доллартой харьцах ханш дахин 150 нэгжийг давж суларснаар ирэх 7 хоногт бодлогын шийдвэрээ танилцуулах Японы Төв банканд дарамт болж байна.
150 нэгжид хүрж дуусгасан нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж болон Японы Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү хэд дахин нэмэгдсэнээс үүссэн байна. Энэ нь энгийнээр Японы иргэд иений бондоос илүү ам.долларын бондод хөрөнгө оруулж байгаа учир иений ханшийг сулруулахад хүргэж байна.
Ханш ийнхүү дахин суларсан нь Япон улсын Засгийн газар валютын захад интервенц хийх шаардлагатай тулж байгаа ба интервенц хийх нь эдийн засагт манипуляци үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх аж.
Япон улс өнгөрсөн онд 1998 оноос хойш анх удаа иений ханшийг дэмжих интервенц хийхэд 60 тэрбум ам.доллар зарцуулсан юм. Энэ онд иений ам.доллартой харьцах ханш 12 гаруй хувиар суларч, том 10 бүлгийн валютууд дундаас хамгийн муу үзүүлэлттэй нь болоод байна.
Эх сурвалж: Investing.com
🌏 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/
Алт: Геополитикийн асуудал үргэлжилж буйгаас алтны ханш 3 долоо хоног дараалан өссөөр 1990 ам.доллароос дээш гарав.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Израилд хийсэн айлчлалаасаа буцаж ирснийхээ маргааш нь буюу Пүрэв гарагт батлан хамгаалахын зардлыг 105 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх хүсэлтийг Конгресст өргөн барьсан.
Энэхүү нэмэлт санхүүжилтээс 44 тэрбум ам.долларыг зөвхөн Украйнд зэвсгийн туслалцаа үзүүлэхэд зарцуулах ажээ. Мөн Израилд зэвсгийн туслалцаа үзүүлэх, шумбагч хөлөг онгоцны үйлдвэрлэлээ бэхжүүлэх зэрэгт зориулах аж.
Дайн бүхий үед батлан хамгаалахын төсөв, зардал нэмэгдсэнээр инфляц өсдөг бөгөөд дагаад алтны үнэ бас нэмэгддэг. Израил Хамасын дайн 10 дугаар сарын 7-нд эхэлснээр хойш алтны үнэ бараг 9%-иар өсөөд байна.
Bitcoin. Жо Байдены батлан хамгаалахын нэмэлт санхүүжилтийн дээрх мэдээгээр алтны үнээс гадна биткойний үнэ 19%-иар өсөж 35000 ам.доллароос дээш өссөн байна.
Газрын тос. Өнгөрсөн 7 хоногт 1 баррел нь 89 ам.доллароос дээш өсөөд байсан газрын тос буцаад унаж 84 ам.долларт хүрэв.
📑S&P 500 индексийн Компаниудын III-р улирлын тайлан үргэлжилсээр...
Технологийн болон Автомашин үйлдвэрлэгч компаниудын тайланг онцолж байна.
Зураг 1. Технологийн компаниудын тайлангийн үр дүн
Зураг 2. Автомашин үйлдвэрлэгчдийн тайлангийн үр дүн
EPS: Нэгж хувьцаанд ноогдох ашиг
⬇️ Alphabet-ийн хувьцаа тайлангийн дараа уналаа.
Google-ийн толгой компани Alphabet Inc-ийн (NASDAQ:GOOGL) хувьцааны ханш үүлэн тооцооллын шинэчлэл удааширснаас орлого нь багассан тул зах зээлийн дараах арилжаагаар 5% уналаа. Тус компани III-р улиралд 76.7 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанаас 1.55 ам.долларын ашиг олсон байна. Ингэснээр нийт орлого нь 11%-иар өссөн байна.
Үүлэн технологийн орлого 22%-иар өсөж, 8.4 тэрбум ам.долларт хүрсэн ч 8.6 тэрбум ам.долларын хүлээлтэд хүрсэнгүй. Харин хайлтын систем болон бусад бизнесээс олсон орлого нь 11%-иар өсөж 44 тэрбум ам.доллар, YouTube-ийн сурталчилгааны орлого 12%-иар өсөж 7.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
⬇️ Мета платформын хувьцаа тайлангийн дараа 4%-иар уналаа.
Тус компанийн зардал буурсан нь ашгийг нь өсгөх гол шалтгаан болсноор тайлангийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтийг давлаа.
Шинжээчид тус компанийг 33.57 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж нэгж хувьцаанд 3.64 ам.долларын ногдол ашиг олгоно гэж таамаглаж байсан ч 34.15 тэрбум ам.долларын орлого олж, 4.39 ам.долларын EPS-тэй ажиллаж хүлээлтийг давлаа.
Нийт зардал 20.40 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 7%-иар буурч, үйл ажиллагааны ашиг нь 20%-иар өссөн байна.
Зар сурталчилгааны орлого 23%-иар өсөж, 27.24 тэрбум ам.доллароос 33.64 тэрбум ам.доллар болжээ.
Идэвхтэй хэрэглэгчид буюу DAU-ийн тоо 7%-иар өсөж 3.14В болсон бол сарын идэвхтэй хүмүүс буюу MAU-ын тоо 3%-иар өсөж 3.05В болжээ.
📌Mercedes-Benz: Дэлхийн макро эдийн засгийн тааруу байдал борлуулалтад нөлөөлж “Mercedes-Benz”-ийн орлого 1.4 хувиар буурч, 37.2 тэрбум ам доллар болов.
ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компанийн III улирлын тайлан тааруу гарахад үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, мөн дэлхийн макро эдийн засгийн нөхцөл таагүй байгаа нь нөлөөлсөн байна.
Энэ оны III улиралд “Mercedes-Benz”-ийн ашигт ажиллагааны өгөөж 12.4% болж буурсан нь өмнөх оны мөн үеийн 14.5% үзүүлэлтээс доогуур үзүүлэлт боллоо.
Тус компанийн голлох зах зээлүүдэд инфляц эрчимжиж, ажиллах хүчний зардал нэмэгдсэн нь компанийн үр ашиг буурахад нөлөөлснийг тодотгож байна.
Тайлангаас харвал “Mercedes-Benz” группийн татварын өмнөх ашиг 6.8 хувиар буурч, 4.8 тэрбум евро хүрчээ. Харин орлого нь 1.4 хувиар буурч, 37.2 тэрбум евро болсныг мэдээллээ.
“Mercedes-Benz”-ийн автомашинуудын загварын дундаж үнэ жилийн өмнө 75 мянга 400 евро байсан бол 74 мянга 600 евро болж буураад байгаа аж.
Европын Холбоо БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудад явуулах шалгалтуудаа нэмэгдүүлсэн нь “Mercedes-Benz”-ийн БНХАУ дахь борлуулалтад нөлөөлөх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.
⬆️ “Hyundai Motor”-ийн цэвэр ашиг III улиралд 134 хувиар өсөв
БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн цэвэр ашиг энэ оны III улиралд өмнөх оны мөн үеэс 134 хувиар өсөж, 3.3 их наяд вон буюу 2.45 тэрбум ам.доллар хүрлээ.
“Hyundai Motor”-ийн цэвэр ашгийг өсгөсөн үзүүлэлтүүдийг дурдвал:
“Hyundai Motor” олон улсын зах зээлд 1,045,510 автомашины борлуулсан.
Тансаг зэрэглэлийн болон цахилгаан загваруудын борлуулалт өндөр байсан нь үйл цэвэр ашиг нь өсөхөд гол жин дарсныг тус компани тайландаа дурджээ. Мөн БНСУ-ын воны ханш үргэлжлэн суларсан зэрэг макро хүчин зүйл ашиг өсөлттэй гарахад нөлөөлсөн байна.
Мөн 169 мянга орчим цахилгаан автомашин борлуулсан нь өндөр үзүүлэлт болж байна.
Энэ оны III улиралд олон улсын зах зээлд “Hyundai Motor”-ийн автомашины борлуулалт 1.04 сая давсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин БНХАУ-д борлуулалт нь 33 хувиар буурчээ.
Эх сурвалж: Investing.com
📌“Мандал ирээдүйн өсөлт” сан бондын зах зээлд илүү хөрөнгө оруулж байгаа ба уг сангийн цэвэр хөрөнгийн өсөлт нэгж эрхийг илүү хямд болгож байна. /NAV 1136.78, Ханш 750/
2023 онд дотоодын хувьцааны зах зээл уналтад орж, МХБ-ийн I ангилалд багтдаг топ хувьцаануудын 70 орчим хувь ханшийн алдагдал үүрч байна.
Энэ үед хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлээс хөрөнгө оруулалтын алдагдал хүлээж болзошгүй байгаа нь тэднийг бондын зах зээл рүү түлхэх нөхцөл болж байгаа юм.
Тиймдээ ч он гарснаас хойш компаниуд хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаагаар 126 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт татсан нь өмнөх оноос 2 дахин өсөв.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том нээлттэй сан болох [MSE:MFG] Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС-ийн хувьд ч зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бондын зах зээлд илүүтэй анхаарал хандуулж байгаа бололтой.
III-р улирлын байдлаар сангийн хөрөнгө оруулалтын 50.5%-ийг бондод оруулсан хөрөнгө бүрдүүлж байгаа нь эхний хагас жилийн дүнгээс 2 нугарсан гүйцэтгэл болжээ. Энэ нь тус сангийн өгөөжийг тогтвортой байлгах, 2023 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд эергээр нөлөөлж болох юм.
Өнгөрсөн 7 хоногийн хаалтын ханшийн байдлаар сангийн нэгж эрхийн ханш 750.0₮-т, цэвэр хөрөнгийн үнэ цэнэ /NAV/ нь 1136.78₮-т хаагдсан байна. Ингэснээр [MSE:MFG] Мандал Ирээдүйн Өсөлт сангийн нэгж эрхийн ханш болон NAV-ийн зөрүүг 51.6%-д хүрчээ. Өөрөөр хэлбэл, нэгж эрхийн ханш хоёрдогч зах зээл дээр илүү хямд байна аа л гэсэн үг.
NAV: Цэвэр хөрөнгийн үнэлгээ буюу дансны бодит үнэ
⚡БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт, импортын хэмжээ дээд түвшинд хүрээд байгаа учир БНХАУ-д нүүрсний үнэ хямдарснаар энэ өвөл цахилгаан эрчим хүч тасалдах магадлал багасаж байна.
Өвлийн улирал дөхөж буйтай зэрэгцээд БНХАУ-д нүүрсний үнэ хямдарснаар цахилгаан станцуудад түлш худалдан авах зардал буурч байна. Тиймээс энэ өвөл эрчим хүчний тасалдал болох магадлал багасаж байгаа аж.
Мөн БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт, импортын хэмжээ дээд түвшинд хүрч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ч нэмэгдэж байгаа нь эергээр нөлөө үзүүлэхээр байна. Нүүрсний нөөц тогтмол нэмэгдэж, усан цахилгаан станцын ажиллагаа хэвийн байснаар өнгөрсөн онд нүүрсний үнэ өсөхөд нөлөөлсөн шалтгаанууд цөөрөөд байна.
Эдгээр нөхцөл байдал эрчим хүч үйлдвэрлэгчдэд ч сайнаар нөлөөлж байгаа аж. Тухайлбал: БНХАУ-ын эрчим хүч нийлүүлэгч хоёр дахь том компани “Huaneng Power International” өнгөрсөн онд алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны III улирлын ашиг нь өмнөх жилүүдийнхээсээ давсан байна. Харин эсрэгээрээ нүүрс олборлогч компаниудын ашиг буурч байгаа юм.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Reply