- SendMN
- Posts
- 12/20 - Топ валютуудын ханш болон таамаг
12/20 - Топ валютуудын ханш болон таамаг
🚨Монгол банк: Инфляц 8%-иас доош унавал хүүг бууруулах орон зай бий.
12 сарын 15-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/
Өнгөрсөн 7 хоногт доллар 14 дахь 7 хоног дараалан үргэлжлүүлэн унаж буй ба Евро болон Иенийн ханш уналттай байна. Рублийн ханш өсөлттэй байжээ.
📉 СҮҮЛИЙН 7 ХОНОГТ ГАРСАН ГАДААД ВАЛЮТ ДЭЭРХ ОНЦЛОХ МЭДЭЭНҮҮД
🔵 USD: Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын сар бүр гардаг эдийн засгийн чухал мэдээнүүд болох ХАА-н бус ажил эрхлэлтийн мэдээ, инфляц, бодлогын хүүгийн мэдээ танилцуулагдлаа. Ажил эрхлэлтийн хувьд 180 мянган ажлын байр шинээр бий болно гэж төсөөлөгдөж байсан ч 199 мянган ажлын байр шинээр бий болж ЭЗ нь эрчимжиж буй дүр зурагтай байгаа ба инфляцын хувьд өмнөх сараас 0.1% -иар буурч 3.1% болж хүлээлтэд гарсан байна. Энэ мэдээний дараа АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 5.5% болгож хэвээр үлдээсэн ба 2023 онд хүүг хэвээр үлдээж 2024 онд ЭЗ ийн хямралаас үл шалтгаалан хүүг 3 удаа буюу 1.5% -иар бууруулах магадлалтай гэдгээ илэрхийллээ.
Улирлын төсөөллийг харвал Холбооны Нөөцийн банк ирэх жил бодлогоо 75 суурь нэгжээр бууруулах төлөвтэй байна. Медиан төсөөллөөр 2024 оны эцэст мөнгөний бодлого 4.6 хувьд байхаар байна.
Харин 2025 оны эцэст мөнгөний бодлого дунджаар 3.6 хувьд очно гэж Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүд таамагласан байна.
Шинэчлэгдсэн төсөөллөөр 2023 болон 2024 онд инфляц ерөнхийдөө буурахаар байгаа аж. Хүнс, эрчим хүчний салбараас бусад салбарт үнийн хөөргөдөл 2.4 хувьтай байна.
Энэ мэдээний дараа долларын индекс 103.9 түвшнээс 102.5 түвшин рүү хүчтэй унаж хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд өслөө.
Эх сурвалж: cnbc.com
🌏 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/
🟡 Газрын тос
Газрын тос нийлүүлэгч улсуудын холбоо болох OPEC-ийн уулзалт болж нийт гарцаа 2 сая баррелиар танан гэсэн мэдэгдлээс хойш газрын тосны үнэ 68 ам. Доллароос үргэлжлүүлэн доош унаад АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын мэдэгдлийн дараа буцаад сэргэн 69-70 ам.долларын хооронд арилжаалагдаж байна.
🟡 Алт
АНУ-ын мөнгөний бодлогын мэдэгдэл тэр дундаа ерөнхийлөгч Жером Пауэллийн мэдэгдлийн дараа бодлогын хүүг 2024 онд 3 удаа бууруулна гэж хэлсний дараа алтны спот ханш 1985-аас 2039 болж огцом өслөө. Мөнгөний хатуу бодлого дуусгавар болж 2024 оноос мөнгөний зөөлөн бодлого руу аажим аажмаар шилжих дохиог өсгөнөөр хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн ийнхүү өслөө.
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.
⚫“Nasdaq 100 Index”-д “DoorDash” шинээр нэмэгдэж, “Zoom” хасагдав. Мөн"eBay”, “JD.com”, “Lucid Group” компаниуд “Nasdaq 100 Index”-ээс гарлаа.
Технологийн компаниуд давамгайлдаг “Nasdaq 100 Index”-ийн энэ жилийн шинэчлэлийн хүрээнд “DoorDash” онлайн хоол захиалга, хүргэлтийн компани шинээр бүртгэгдэж, “Zoom” компани жагсаалтаас гарахаар болсон нь олны анхаарлыг татаж байна.
Мөн түүнчлэн “Coca-Cola Europacific Partners”, “Splunk” зэрэг компаниуд шинээр нэмэгдэж байгаа бол “eBay”, “JD.com”, “Lucid Group” зэрэг компаниуд тус индексээс гарахаар болжээ.
Энэхүү шинэ жагсаалт 12 дугаар сарын 18-аас хүчин төгөлдөр болох аж. “Nasdaq 100 Index”-д бүртгэгдсэнээр компаниудын хөрөнгийн арилжааны хөрвөх чадвар өсөж, капиталын зардал багасаж, хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх нь нэмэгддэг байна.
Энэ онд технологийн томоохон компаниудын хувьцааны ханш өссөнөөр “Nasdaq 100 Index” 47 хүртэлх хувиар өсөөд байгаа юм.
🚨Монгол банк бодлогын хүүг хэвээр үлдээлээ. Хэрэв инфляц 8%-иас доош унавал хүүг бууруулах орон зай бий.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Эдийн засаг, банк, санхүүгийн зэх зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв эрсдэлийг харгалзан үзсэн байна. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой нийцэж байгааг Монголбанк мэдээллээ.
Бодлогын хүүг бууруулах бүтэн нэгж хувиар бууруулах орон зай байсан ч ирэх онд төсөв 20 хувь орчмоор тэлж, энэ нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэхээр байгаа учраас бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэснээ Монголбанк онцолж байна. Мөн "Хэрэв найман хувиас доош болж, зорилтот түвшинд хүрвэл бодлогын хүүг бууруулах орон зай бий. Мөнгөний бодлогын бусад арга хэрэгслийг ашиглан бодлогоо сулруулах арга хэмжээг судалж байгаа" гэж тодотгов.
11 дүгээр сард жилийн инфляц улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотол 9.4 хувьтай гараад байна. Инфляц буурахад нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаагаа онцлов. Хэдий тийм боловч төсвийн зардлын өсөлт, ялангуяа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байгаа аж.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг хэрэгжүүлнэ гэж Монголбанк мэдээллээ.
Эх сурвалж: Монгол банк
Reply