- SendMN
- Posts
- 09/05 - Дотоод ба Гадаад зах зээлийн тойм
09/05 - Дотоод ба Гадаад зах зээлийн тойм
Хөрөнгийн зах зээл сэргэж эхэлж буй энэ үед хувьцааг нь хямд авах боломж үүсээд байна уу?
Дотоод ба Гадаад зах зээлийн тойм 🔍

Гадаад зах зээлийн тойм
📌 ОХУ газрын тосны экспортоо бууруулна гэснээс үүдэн газрын тос дахин 83 ам.долларыг давав. ОХУ наймдугаар сард газрын тосны экспортоо өдрийн дүнгээр 500 мянган баррелиар бууруулах шийдвэр гаргаж байсан бол ийнхүү есдүгээр болон аравдугаар сард гарцаа нэмж танах төлөвтэй байна.
Газрын тосны үнийг дэмжихээр Саудын Араб, ОХУ зэрэг улс гарцаа тасралтгүй танаад байгаа юм.
Тухайлбал: Саудын Араб аравдугаар сард хүртэл гарцаа нэг сая баррелиар бууруулах төлөвтэй байна.

📌 Өнгөрсөн 7 хоногт Eвропын холбооны төв банкнаас 8 сарын Евро бүсийн инфляцийг зарлалаа. 8 сарын инфляцийн хүлээлт өмнөх сараас буурч 5.1% гарна гэж шинжээчид таамаглаж байсан хэдий ч инфляци 5.3% гарч буурсангүй. Евро бүсийн ажилгүйдлийн түвшин харин 6.4% гарч хүлээлтэд нийцжээ. Европод ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 сарын турш 6.4% болж буурч сүүлийн 20 жилийн доод түвшинд ирсэн байна.
📌2023 оны II улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн нь шинжээчдийн 2.4%-ийн төсөөллөөс буурсан үзүүлэлт боллоо. Хөрөнгө оруулалтууд буурсантай зэрэгцээд хэрэглэгчдийн зарцуулалт саарсан нь эдийн засгийн өсөлт хүлээлтээс бага байхад голлон нөлөөлсөн байна. Тайлант хугацаанд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх улирлаас 0.1 хувиар өсжээ.
📌 Биткойн: “Grayscale Investments” биткойн арилжаалагдах сан байгуулах асуудалд шүүх дээр чухал ялалт байгуулснаар криптовалютын салбар хөрөнгө оруулагчдаас тогтмол олон тэрбум ам.доллар татах нөхцөл бүрдэж байна. Тус компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороог шүүх дээр ялсан нь дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны хувьд эргэлтийн цэг ч болох боломжтойг шинжээчид онцолж байна гэжээ.
Дотоод зах зээлийн тойм
📌 Монголын хөрөнгийн бирж дээр төрийн банкны хувьцаа хамгийн доод түвшиндээ хүрэв. [MSE:SBM] Төрийн банк ХК нь өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт -8.30%-ийн ханшийн алдагдал хүлээж хувьцаа нь 436.05₮-т хаагдсан байна. Ингэснээр IPO гаргаснаас хойш хамгийн доод ханшийн гүйцэтгэлийг харуулсан бөгөөд анх санал болгож байсан үнээс -26.09%-иар доош орлоо.
Уг хувьцааны хувьд нээлттэй хувьцаат компани болсон системийн 5 банкны дундаас хоёрдогч зах зээлийн арилжаагаа хамгийн сайн эхлүүлж, эхний долоо хоногтоо +75.9%-иар өсч байв. Тэгвэл одоогоор дээд ханшаасаа -57.99%-иар, оны эхнээс -33.42%-иар ханшийн алдагдлыг хүлээгээд байгаа.
Ханшийн бууралттай зэрэгцээд банкны цэвэр ашиг хагас жилийн байдлаар 42.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс -40 орчим хувиар буурсан.

📌 Гермес центр: 942.5 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ. МХБиржийн II ангилалд бүртгэлтэй [MSE:HRM] Гермес центр ХК нь уламжлал ёсоор 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэрээ гаргалаа.
Энэ удаа тайлант хугацаанд олсон ашгийн 98% буюу мөнгөн дүнгээр 942.5 сая төгрөгийг хуваарилах юм. Нэгж хувьцаанд 12.0₮ бөгөөд эхний хагас жилийн ногдол ашгийн өгөөжийн түвшин 8 орчим хувь болж байна.
Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2023.09.13-ны өдрөөр тогтоож, ирэх сарын 18-наас 10-р сарын 20-н хүртэл олгох аж.

Reply