• SendMN
  • Posts
  • Б.Анхбаяр: Та өөрөө хичээх л юм бол Ирланд улсад амьдарч ажиллан суралцахад ямар ч асуудалгүй. Харин ч...

Б.Анхбаяр: Та өөрөө хичээх л юм бол Ирланд улсад амьдарч ажиллан суралцахад ямар ч асуудалгүй. Харин ч...

Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач  

Сайн байна уу? Намайг Бямбаахүүгийн Анхбаяр гэдэг одоо 24 настай график дизайнер мэргэжилтэй, анх төгсөөд Жигүүр гранд компанид дизайнераар гараагаа эхлээд Ялгуун аксесорис болон МонголТв Ори компанид томоохон төслүүд дээр ажиллаж байсан.

Ирланд улс руу хэрхэн явж байсан бэ? 🤔 

Гадагшаа сурахаар судалж эхэлсэн бөгөөд миний хувьд санхүүгийн хамгийн боломжит хувилбар Ирланд улс байсан учраас сонгож байсан. Ирланд улс нь англи хэлээр ярьдаг европын ганц улс юм.

10 жилдээ гадаадад суръя гэсэн бодолтой байсан уу? Энэ талаараа дэлгэрэнгүй хуваалцаач? 🙂 

10 жилийн сурагч байхаасаа авхуулаад гадаадад сурах хүсэлтэй байдаг байсан ч тухайн үед жоохон байсан учраас зориглож чадалгүй орхиж байсан. Одоо үед 10 жилийн дүү нар маань хэлээ сураад гадаад руу явах зорилго эртнээс тавьдаг болсон санагдсан. Тийм ч учраас дүү нартаа зөвлөхөд гадаадад суралцахаар зорьж байгаа бол айлгүйгээр зоригтой алхам хийгээрэй гэж зөвлөе. 

Ирландад ямар мэргэжлээр, ямар сургуульд суралцдаг/суралцсан/ бэ? Тухайн мэргэжлийнхээ талаар сонирхолтой /баримт факт, яагаад сонгох болсон шалтгаан гэх мэт/ зүйл дурдвал? 📝 

Ирланд бол ямар ч стрессдэх зүйлгүй тайван орон. Хэрвээ чиний англи хэл дунджаас дээгүүр байх юм бол чи хангалттай хөлөө олоод амьдарч чадна. Одоогоор би хэлний бэлтгэлд байгаа бөгөөд B2 төвшинд англи хэлээ сурч байгаа. Өөрөө хүсвэл шалгалт өгөөд төвшин ахих боломжтой. Би одоогоор “Ned College”-д сурдаг ба ангидаа ганцхан Монгол нь би. Монголоор огт ярихгүй дандаа англиар ярьж байгаа нь хэл сурахад давуу тал болж байгаа. Мөн энд хэлний бэлтгэл нь 8 сарын хугацаатай байдаг, 6 сар хичээлтэй 2 сар нь чиний амралт байдаг. Амралтаараа европын орнуудаар аялах боломжтой. Хэлний бэлтгэлээ дуусчихвал дахиад хэлний бэлтгэлээ 8 сараар сунгаад суралцаж, ажиллах бүрэн боломжтой. 

Таны хувьд Ирланд улсад суралцахын давуу тал болон сул тал юу вэ? 💭 

За миний хувьд сул талаас эхлээд сайн талыг нь дурдаад явъя гэж бодлоо. Энд бүх юм маш удаан дараалал тогтолцоотой явагддаг. Бид нар Монголд банк ороод дугаар аваад данс карт тэр дор нь нээлгэдэг бол энд банканд үйлчилгээ авахын тулд эхлээд цаг авч, дараа нь карт данс нээлгэх түүний дараагаар сар гаруй болсны эцэст картаа авах зэрэг цаг хугацаа их ордог юм байна лээ. Мөн байрны түрээс маш өндөр байдаг нь сул талтай. Цаг агаарын хувьд байнга бүрхэг байдаг нь бүүдгэр, чийглэг цаг агаарт дуртай хүмүүст илүү тохиромжтой. Эсрэгээ ийм цаг агаарт дургүй бол уйтгартай санагдаж болох юм. Хотын төвдөө гэр оронгүй хүмүүс ихтэй, амьдрах газар олдоц муутай, гэмт хэргийн гаралт өндөр зэрэг асуудлууд их байдаг юм байна лээ. Давуу тал нь олон орны хүмүүстэй танилцах боломжтой мөн англи хэлээ өдрөөс өдөрт сайжруулах юм уу даа. 

Голцуу ямар цагийн ажил хийдэг вэ? Цагийн ажил хийгээд төлбөр болон амжиргааны зардлаа олох боломжтой юу? Хамгийн сонирхолтой хийж байсан цагийн ажлаасаа хуваалцвал? 😁 

Энд та англи хэлтэй л бол та дуртай газраа цагийн ажил хийх боломжтой. Дөнгөж ирсэн хэл тааруу хүмүүс гал тогоонд аяга угаах, гэр болон оффис цэвэрлэгээ хийх гэх мэт ажил хийдэг. Цагийн ажил хийгээд байрны түрээс амьжиргааны зардлаа хангалттай олдог. Хүсвэл та хадгалж байгаад амралтаараа Европын орнуудаар аль эсвэл хөрш орон буюу Англи улсаар аялах боломжтой. Хийж байсан хамгийн сонирхолтой цагийн ажил маань Subway-д сэндвич хийж байсан. Дөнгөж ирээд хийж байсан анхны ажил бөгөөд хэл мууг ч хэлэх үү байнга гадаад хүмүүстэй харьцаж захиалгыг нь авч заримыг нь ойлгохгүй будилах явдал цөөнгүй байсан. Тухайн үед зарим Ирланд хүмүүсийн аялга нь их сонин учраас ойлгоход жоохон төвөгтэй байсан. Удалгүй Subway-д ганцаараа ажилдаг болоод чөлөөтэй ярьж захиалга авч чаддаг болсон. Мөн ажиллангаа англи хэлээ сайжруулах боломжийг өгсөн. 

Тухайн улс руу аялах гэж байгаа хүмүүст аялахад тохиромжтой газруудыг санал болговол?  

Эндээс Австри юм уу Англи, бусад Европын улсууд руу аялахад давуу талтай санагдсан. Одоохондоо би тийм ч их аялж үзээгүй байгаа учраас та энд ирсэн бол Ирланд улсаараа бүрэн аялаж үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Тухайн улсад сурч, ажиллах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл? 😎 

Энд ирэх гэж буй хүмүүстээ хамгийн түрүүнд зөвлөх зүйл нь амьдрах байраа олж судлаад түрээслэхэд бэлэн ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ихэнх хүмүүс ирснийхээ дараагаар байр хайх явдал их байдаг бөгөөд энэ нь цаг хугацаа их ордог бөгөөд цаг хугацаа их алддаг. Мөн цагийн тулгаад хайхаар хүссэн шиг тухтай байршил сайтай гоё байр олдох нь хэцүү байдаг. Тийм учраас байраа эртнээс олоод ирээрэй гэж зөвлөж байна. 

Таны зүгээс өөр хэлэхийг хүссэн Ирландад суралцах туршлагын талаар хүмүүс төдийлөн мэддэггүй зүйл байвал энд бичээрэй. 

Одоогийн миний туршлагаас харахад та өөрөө хичээх л юм бол Ирланд улсад амьдарч ажиллан суралцахад ямар ч асуудалгүй. Харин ч хэл сайжрах зэрэг бусад бүх зүйлс дээр боломжууд илүү нээгдэнэ. Өөрийн хүссэн мэргэжлээрээ 2-3 жил сураад мөн тухайн мэргэжлээрээ эндээ ажиллах бүрэн боломжтой байдаг шүү гэж хэлье. 

Үнэтэй цагаа бидэнд гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.   

Reply

or to participate.