• SendMN
  • Posts
  • Австрали улсад сургалтын төлбөрөө төлөөд бас гэр бүлийнхнийгээ сургаад үүнээсээ гадна хуримтлал үүсгээд амьдрах бүрэн боломжтой

Австрали улсад сургалтын төлбөрөө төлөөд бас гэр бүлийнхнийгээ сургаад үүнээсээ гадна хуримтлал үүсгээд амьдрах бүрэн боломжтой

 Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач 😊  

Сайн байцгаана уу? Намайг Ариунбилэг /Nickname- Bibi/ гэдэг. Австрали улсад ирээд 5 дахь жилдээ орж байна. Гэр бүлийн хамтаар амьдардаг ба одоогоор мастертаа суралцаад явж байна. 

Яагаад Австрали улсыг сонгон, сурахаар болсон бэ? Монголд бакалавраа төгсөөд шууд явсан уу? Аль эсвэл ажиллаж байгаад явсан уу? 🙂 

Анх Австрали улсын талаар найзаасаа мэдэж байсан. Ерөнхийдөө ажиллахад, амьдрахад таатай. Анх бакалавраа төгсөөд Монголдоо хувийн бизнесээ хийж байгаад 2017 онд Австрали улсыг зорихоор шийдсэн. Анх ирээд коллежид суралцангаа гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа ажилладаг байсан. 2 жилийн хугацаанд сураад ажиллахад их боломжийн санагдсан учраас Австрали улсад үлдэх шийдвэр гаргаад одоо мастердаа сураад явж байна даа. 

Одоо Мастертаа ямар мэргэжлээр сурдаг вэ? 🎓 

Бакалавраа би МУИС-ийн Нягтлан мэргэжлээр төгсөж байсан. Одоо мөн адил Нягтлан мэргэжлээр Kaplan Business School сургуульд мастерын зэргээр суралцаж байна. 

Нягтлан мэргэжлээр мастердаа суралцахаар төлөвлөж буй залуучуудад өгөх зөвлөгөө? 😁 

Өмнө хэлж байсанчлан анх 2 жил Австрали улсад суралцангаа ажиллаж амьдрахад таалагдсаны үндсэн дээр эндээ үлдэхээр шийдсэний дараагаар хамгийн түрүүнд байнгын оршин суух виз авах төлөвлөгөө гаргаж байсан. Байнгын оршин суух виз авахын тулд Австрали улсаас жил бүр гаргадаг хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн Occupation list гээд лист байдаг тэр дунд Accountant буюу Нягтлан гэдэг мэргэжил маань аягүй удаан байсан. Миний хувьд нягтлан суурьтай бас түүгээрээ өөрөө бизнес эрхэлж байсан болохоор нягтлан мэргэжлээ эргэлт буцалтгүйгээр үргэлжлүүлэн сурсан. 

Австрали улсад суралцахын давуу тал? 👩🏻🎓 

Австрали улс амьдрахад таатай 10 орны жагсаалтад байдаг. Би Sydney хотод амьдардаг. Австралийн өөр нэг хот буюу Melbourne хот хүн амьдрахад таатай хотуудын 1-т олон жил жагсаж явсан юм байна лээ. Амьдрахад эрүүл, аюулгүй, цаг агаарын хувьд ч гэсэн үнэхээр гоё чийглэг дулаан уур амьсгалтай. Суралцахад бусад оронтой харьцуулбал хөдөлмөрийг зөв үнэлж чаддаг. Оюутан, гадаад гэлтгүй эрх тэгш, хөдөлмөрийг шударга үнэлдэг. Та сурангаа ажиллаад сургалтын төлбөрөө төлхөөс гадна мөн гэр бүлийнхнийгээ сургаад давхар хуримтлал үүсгээд амьдрах бүрэн боломжтой. Миний эргэн тойронд тийм жишээ зөндөө байдаг. 

Эсрэгээ сул тал нь юу вэ? 🤔 

Сул тал гэх юм бол хэлний асуудлууд байж болох юм. Сурах визний хувьд ажиллах цагийн лимиттэй болчихдог. Монгол улсаас ажлын виз одоо л гарч байгаа болохоос тухайн үед дандаа сурах виз байдаг байсан. Намайг ирж байх үед 7 хоногийн 20 цаг ажиллах эрхтэй байсан. Хоёрт гэвэл гэр бүл хүүхдийн хувьд байнгын оршин суух визтэй бол улсын сургуульд үнэ төлбөргүй суралцхаас авхуулаад олон хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой боловч сургалтын визтэй бол тухайн хөнгөлөлт урамшуулалд хамрагдаж чаддаггүй.  

Австралид голдуу Монголчууд ямар ажил хийдэг вэ? Суралцангаа ажил хийгээд төлбөрөө төлөх боломжтой юу? 

Монголчууд маань нэг үеээ бодоход Австрали улсын талаар мэдээлэл хүргэсэн влог их хийдэг болсон. Та бүхэн ч гэсэн Youtube-с хайгаад үзэх бүрэн боломжтой. Монголчуудын маань хувьд гэх юм бол эрэгтэйчүүд нь голдуу барилгын салбарт харин эмэгтэйчүүд маань зочид буудал болон үйлчилгээний газруудаар ажилладаг. Сүүлд ковидоос хойш бас аягүй мундаг мундаг хүмүүс яг өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээрээ Австрали компаниудад уригдаж ажиллаж байгаа хүмүүс зөндөө байдаг. Их сургуулиа мөн адил төгсөөд Австралийн том компаниудад ажиллаж байгаа Монголчууд их бий. Тэгэхээр ерөнхийдөө бүхий л салбарт ороод ажиллаж байгаа. Манай Монголчууд маань оюуны потенциал сайтай шүү дээ.  

Танд Австрали улсад хийж байсан сонирхолтой ажил байгаа юу?  

Яг сонирхолтой гэхээсээ илүү хүмүүстээ зөвлөгөө болгож хэлэхэд илүү Customer service талдаа ажил хийх юм хэл аягүй хурдан сайжирдаг. Зүгээр нэг англиар ярих нэг өөр харин native speaker-үүдтэй яриад эхлэхээр хэл гоё зүгшрээд ирдэг. Миний хувьд гэх юм бол дэлгүүрт Sales assistant position дээр бас ажилладаг тэр ажлаасаа мөн адил өдөр бүр шинэ үг шинэ зүйлс сурдаг. Тийм учраас Customer service талдаа ажил хийх юм бол хэлний хувьд олон давуу талтай байдаг. 

Аялах төлөвлөгөөтэй байгаа хүмүүст зориулаад Австрали улсын аялахад тохиромжтой газруудыг санал болгооч 🧳 

Хайгаад үзвэл маш олон газрууд байдаг. Аялал жуулчлалын хувьд гэх юм бол Gold Coast буюу Алтан эрэг дээрх хот гээд Австралийн хамгийн том зайлшгүй очиж үзэх газар байдаг. Яг далайн эргээ дагаад байрлачихсан аягүй гоё хот. Би бас нэг удаа очиж үзэж байсан, миний хувьд дараагийн төлөвлөгөөнд тухайн хотод амьдрана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн түрүүн хэлж байсанчлан Melbourne хот аягүй цэвэрхэн гоё хот. Австралийн хот болгон өөрийн гэсэн тодорхой давуу талтай. Манай Sydney хот маань ч гэсэн аягүй гоё үзэж харах зүйлс ихтэй, үзэх юм нь ерөөсөө дуусдаггүй. Австраличууд ч гэсэн өөрсдөө Van Tour буюу машиндаа суугаад аягүй Австралиа тойроод аялаад байдаг.  

Тухайн улсад суралцахаар сонирхож байгаа хүмүүст зориулж туршлагаасаа зөвлөгөө өгвөл 😊 

Зөвлөгөө гэх юм бол Австрали улсад ирэхээр төлөвлөж байгаа бол хэлээ сайн сураад ирээрэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг шиг та ирээд заавал биеийн хүчний ажил гэлтгүй танд маш олон боломжууд гарч ирнэ. Монголд та ямар мэргэжилтэй яг түүгээрээ ирээд хэлтэй л байх юм бол ажиллачихна. Тийм болохоор хэлээ сайн сураад ирээрэй.  

Үнэтэй цагаа бидэнд гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Баярлалаа. 

Reply

or to participate.