- SendMN
- Posts
- 📍 Б. Хонгорзул: Үнэхээр гадагшаа явах гэж байвал тэтгэлэг заавал ав. Маш их мөнгө, энерги хэмнэж байдаг юм шүү.
📍 Б. Хонгорзул: Үнэхээр гадагшаа явах гэж байвал тэтгэлэг заавал ав. Маш их мөнгө, энерги хэмнэж байдаг юм шүү.

Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач 😊
Сайн байна уу, Намайг Баянмөнх овогтой Хонгорзул гэдэг. АНУ-ын Чикаго хотод “Oakton College”-д график дизайнерын мэргэжлээр суралцахын зэрэгцээ “Khanbogd Cashmere” Чикаго дахь салбарт, мөн “Taxon” татварын газарт тус тус ажиллан амьдарч байна.
Америк улс руу хэрхэн явж байсан бэ? ✈️
2016 онд арван жилээ төгсөөд нэг жил эрчимтэй англи хэлээ бэлдэж, 2017 онд анх University of Illinois-д боловсрол судлал мэргэжлээр тэнцэж орсон. Явцын дунд сургууль болон мэргэжлээ өөрчилсөн.

Яагаад Америк улсыг сонгон, суралцахаар болсон бэ? 10 жилээсээ л суръя гэсэн бодолтой байсан уу? Энэ талаараа дэлгэрэнгүй хуваалцаач? 🙂
Бусадтай адил АНУ-ын шилдэг их дээд сургуулиудын нэгийг төгсөхийг мөрөөдөж, англи хэлийг ахлах сургуулиасаа эхлэн давтлага авч хичээллэж эхэлсэн. Бага байхаасаа Холливудын кинонд маш дуртай, заавал Америк явж үзнэ гэж боддог байсан. Сургуулиа төгсмөгцөө суралцахыг хүссэн орнуудаа жагсааж үзээд Америк буюу Чикаго гэж шийдсэн. Гол шалтгаан нь ойрын хамаатан маань амьдардаг байсан учраас эцэг эх маань ч зөвшөөрсөн.
Америкт ямар мэргэжлээр, ямар сургуульд суралцдаг /суралцсан/ вэ? Тухайн мэргэжлийнхээ талаар сонирхолтой /баримт факт, яагаад сонгох болсон шалтгаан гэх мэт/ зүйл дурьдвал? 🎓
Анх Univeristy of Illinois (UIC) шалгарч орсон ч сургалтын төлбөр үнэтэй байсан учраас үргэлжлүүлж чадаагүй. Харин Midwestern Career College-д Бизнесийн удирдлагаар үргэлжлүүлэн суралцсан. Миний хувьд хамгийн ихээр сонирхол татсан хичээл бол онлайн маркетинг байсан. Энд онлайн маркетинг ямар хурдацтай хөгжсөн, яагаад энэ нь бизнесүүдэд маш чухал гэх мэт сэдвүүд нь миний карьерыг илүү тодорхой болгосон. Одоо би график дизайнер мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд яваандаа UI/UX дизайнер ажиллах хүсэлтэй байгаа. Энэ мэргэжил нь ихэвчлэн аппуудын дизайн гаргах буюу гар дээрх онлайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зориулж бүтээх гэх мэт өргөн хүрээтэй. График дизайнераар суралцдаг оюутнуудад ажлын байр олдоц сайн, хурдацтай хөгжиж байгаагийн нэг илрэл нь шинэ дизайнеруудын цалин Америкт $75,000-с эхэлдэг бөгөөд үүнд туршлага харгалзахгүй. Харин том компаниуд жишээ нь Аpple дор хаяж $148,000-$236,000 цалин санал болгодог бол Google ойролцоогоор $166,000-$265,000 цалин санал болгодог.

Таны хувьд Америк улсад суралцахын давуу тал болон сул тал юу вэ? 🤔
Америкт суралцахын давуу талууд гэвэл, та ажиллаад өөрийнхөө төлбөрийг олох боломжтой. Мөн суралцангаа карьераа хөгжүүлэх боломжтой. Мөн шинээр танилцах, аялах газрууд энд маш их учраас та суралцах 4 жилдээ уйдах завгүй зугаатай байх болно. Миний оршин суугаа Чикаго хотын давуу талууд гэвэл хамгийн олон гадаад оршин суугчидтай учраас арьс өнгөний үзэл харьцангуй бага байдаг. Мөн энд Монголчууд их учраас анх ирсэн хүмүүс ажил хайх, хажуу өрөө хайх тал дээр бусад мужуудтай харьцуулахад мэдээлэл илүү сайтай байдаг. Мөн цаашлаад оюутнууд ажлын шугамаар оршин суух эрх буюу ногоон картын ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх боломжтой байдаг. Ажлын шугамаар гэхээр заавал том компани гэж бодоод байдаг, гэвч ямар ч төрлийн жижиг бизнест ажиллах боломжтой байдаг. Сул талын хувьд, угаас өртөг өндөр улс, нэг өдөр сул зогсож болохгүй. Мөн Америкт буудлага гэмт хэргийн тоо өндөр байдаг учраас олон нийтийн цугласан газрууд аюултай байдаг.
Голцуу ямар цагийн ажил хийдэг вэ? Цагийн ажил хийгээд төлбөр болон амжиргааны зардлаа олох боломжтой юу? Хамгийн сонирхолтой хийж байсан цагийн ажлаасаа хуваалцвал? 😊
Бүрэн боломжтой. Анх ирсэн хүмүүс аяга угаагчаас эхлээд зөөгчийн ажил болон хумсны салон гэх мэт ажилд ордог. Эдгээр нь ихэвчлэн туршлага шаардахгүй эсвэл сургаад авдаг учраас ажлын зарууд нээлттэй байдаг. Иймэрхүү ажлууд цагаар цалинждаг ба дээр нь гарын мөнгө авдаг учраас их боломжийн байдаг. Ихэнх хүмүүс энэ цэгээс эхэлдэг гэж би боддог. Би анх ямар ч туршлагагүй хумсны салонд ажиллаж эхэлж байсан. Өдөр өдөртөө гарын мөнгө, цалингаа цуглуулж сургалтын төлбөрөө олчихдог байсан. Ер нь ирснээсээ хойш ээж ааваасаа огт мөнгө асууж байгаагүй ээ. Намайг жоохон байсан болоод ч тэр үү тухайн ажлын маань эзэн надад ногоон картын ажил санал болгож эхлүүлсэн, түүнд би маш их баярлаж явдаг. Одоо сургуульд гадаад оюутан биш энд амьдраг оюутнуудтай адил төлбөр төлдөг болсон. Ханбогд кашмерт ажиллахад их таатай байгаа, Монгол кашмерийг гадаад хүмүүст танилцуулах нь нэр хүндтэй ажил шиг санагддаг. 2 дахь ажил маань их хариуцлагатай ажил. Татвар гэдэг маш чухал сэдэв бөгөөд энд ажиллаж амьдардаг хүн болгон татвар төлөх ёстой байдаг. Хувь хүн, компани гээд татварын мэргэжлийн хамт олонтой байгууллагад ажиллаж байгаа. Миний хийдэг ажил нягтлан бодох, Монгол иргэдэд орчуулах, төлбөр тооцоо авах зэргээс бүрддэг.

Тухайн улс руу аялах гэж байгаа хүмүүст аялахад тохиромжтой газруудыг санал болговол? 🌴
Мэдээж алдартай том том хотуудыг заавал үзэх ёстой. Үүнд: Нью-Иорк, Чикаго бол жинхэнэ тэнгэр баганадсан гайхалтай барилга, архитектур гээд хотын өнгө үзэмжтэй ярих юмгүй. Калифорни муж бол тэр чигтээ жуулчдын заавал очих ёстой газрын нэг, бидний мэдэх Диснэй ланд, Hollywood гээд олон жуулчдыг татах газруудтай. Лас Вегас бол үнэхээр гял цал болсон, өнгөлөг, дуу чимээ ихтэй мөн заавал очих ёстой газруудын нэг.
Тухайн улсад сурч, ажиллах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл? 📝
Анзаараад байхад дулаан уур амьсгалтай Калифорни мужийг их зорьдог ч ихэнх нь Чикаго хотод ирж суурьшдаг юм шиг санагдсан. Учир нь Чикагод илүү олон ажлын байр, түрээсийн байр олдоц сайтай гээд давуу талууд их байдаг. Мөн Калифорни мужтай харьцуулахад өртөг ч бага. Энд цагаач хүмүүс их байдаг учраас тэднийг дэмжсэн эмнэлгийн үйлчилгээ, даатгал гэх мэт үйлчилгээ мөн нээлттэй байдаг. Дөнгөж ирж байгаа хүмүүст Чикаго хотыг буюу Иллинойс мужийг зөвлөж байна.

Арван жилээ төгсөөд гадаадад сурах хүсэлтэй байдаг хүүхдүүдэд өөрийн туршлагаасаа зөвлөгөө өгөөрэй. 💛
Орчин үед хүүхдүүд ер нь л өөр, илүү хариуцлагатай, боловсролтой болж байгаа юм шиг санагддаг. Миний хувьд ойлгож авсан зүйл гэвэл гадаад л гэхээр их гоё сайхан гээд өндөр хүлээлттэй ирдэг санагдсан. Монголд нэг ч ажил хийж үзээгүй, хариуцлага гэдгийг сайн ухамсарлаагүй насан дээрээ энэ том гүрэнд ирэх бас л зоригтой ч юм шиг, ухаангүй ч юм шиг санагдсан. Үнэхээр гадагшаа явах гэж байвал тэтгэлэг заавал ав. Маш их мөнгө цаг энерги хэмнэж байдаг юм шүү. Судлаач бай, ямар ч ажлыг эхлүүлэхдээ заавал тултал нь судалдаг байх. Энэ чадвар сургуульд сурахад, Америкт амьдрахад хамгийн чухал чадвар юм шиг санагдсан.
Таны зүгээс өөр хэлэхийг хүссэн америкт суралцах туршлагын талаар хүмүүс төдийлөн мэддэггүй зүйл байвал энд бичээрэй. 😁
Ерөнхийдөө маш том соёлын ялгаатай байдаг. Хэнд ч чиний асуудал хамаагүй зүгээр л бусадтай хөнгөн найрсаг харьцаатай байж, бүх үүрэг хариуцлагаа өөрөө ухамсарладаг байх хэрэгтэй. Харин сургууль дотор бол өөр шүү. Мэдэхгүй юм гарвал үргэлж асуух хэрэгтэй, бид нар юм асуухдаа бүрэг ичимхий хүмүүс шиг санагддаг. Багш нар сургуулийн ажилтан гээд бүгд чамд туслахад бэлэн байдаг. Сургуулийнхаа орчныг сайн ашигладаг байх хэрэгтэй. Чи өөрийгөө төлбөрөө төлсөн үйлчлүүлэгч шиг л санах хэрэгтэй. Хичээл даалгавраа хийгээгүй гээд хичээлээ таслах шаардлагагүй, суугаад тухайн өдрийн хичээлээ сонсоод авах л хэрэгтэй. Монголд хоцрохоор оруулдаггүй гэх мэт соёл энд арай өөр байдаг. Профессорууд ер нь чиний хичээлээсээ яaгаад эрт явах, ягаад хоцорсон, даалгавраа хийгээгүй тэр бүх шалтаг шалтгаан огт хамаагүй байдаг. Ер нь аливаа газрын соёлыг сайн ойлгох тусам юмсыг хурдан хүлээж авч, суралцахад нөлөөлдөг.

Үнэтэй цагаа бидэнд гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 🥰
Баярлалаа. Ийм гоё асуултуудад хариулаад хийсэн бүтээсэн мэдрэмж аваад гоё байлаа.
Reply