• SendMN
  • Posts
  • 12/7 - Топ валютуудын ханш болон таамаг

12/7 - Топ валютуудын ханш болон таамаг

Доллар унаж байна. Үргэлжлэн унасаар байх уу? 🤔💲

11 сарын 30-ны өдрийн монгол банкны нээлтийн ханш.
/Өөрчлөлт: Өмнөх 7 хоногийн мөн үеэс/

Өмнөх 7 хоногт доллар болон рублийн ханш суларсан ба бусад дийлэнх валют төгрөгийн эсрэг чангарчээ. Иен 1.17%- иар , Евро 0.57%- иар тус тус хамгийн ихээр чангарчээ. Харин доллар сүүлийн 12 долоо хоногийн турш тасралтгүй унасан үзүүлэлттэй байна.  

Хүснэгт 1: Ханшийн 7 хоногийн өөрчлөлтийн хүснэгт

📉 СҮҮЛИЙН 14 ХОНОГТ ГАРСАН ГАДААД ВАЛЮТ ДЭЭРХ ОНЦЛОХ МЭДЭЭНҮҮД 

🔵 USD: АНУ-ын 10 сарын инфляц 3.2% болж таамаглалаас буурч гарлаа. Шинжээчид 10 сарын инфляцыг 3.3% болж буурна гэж төсөөлж байсан ч таамаглалаас доош гарснаар Холбооны нөөцийн банк ирэх 12-р сард болох хурлаараа бодлогын хүүгээ өсгөх магадлал буурч байна. Ингэснээр АНУ-ын хүүгийн түвшинг 7-р сараас хойш сүүлийн 3 удаагийн хурал дараалан 5.5% хэвээр өсгөөгүй үлдээж байгаа ба энэ удаа ч гэсэн хэвээр үлдээх магадлалтай өндөр байгаа нь долларын ханшийг сулруулж долларын индексийг унахад хүргэж байна. Гэвч АНУ-ын төв банкны ерөнхийлөгч шаардлагатай үед хүүгээ хэзээд өсгөхөд бэлэн гэж мэдэгдсэн юм. 
Мөн АНУ-ын эдийн засаг 3-р улиралд 5.2%-иар өссөн нь шинжээчдийн хүлээлт болох 4.9%-ийг даваад байна. Мөн ирэх улиралд эдийн засаг өсөх эерэг хүлээлттэй байгаа нь  Black Friday-ээр хэрэглэгчдийн зарцуулалт өндөр байсантай холбоотой аж. Нөгөө талд PCE үнийн индекс хүлээлтээс доогуур гарсан нь инфляц буурах хүлээлтийг илтгэж байна. 

Доллар унаж байна. Үргэлжлэн унасаар байх уу? 🤔💲

🔵Гол өнцөг : АНУ-ын төв банк хүүгээ нэмэхээ зогсоосноос хойшоо төгрөгийн доллартой харьцах ханш чангарч эхэлжээ. Цаашид АНУ-ын төв банк хүүгээ өсгөхгүй байдал хэвээр үргэлжилбэл долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдах болно. Тодруулбал АНУ-ын банк 9 сарын 20-нд бодлогын хүүгээ өсгөхгүй 5.5% хэвээр үлдээж эхэлсэн ба түүнээс хойш долларын ханш төгрөгийн эсрэг суларч эхэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Ирэх 12-р сард АНУ дахин хүүгээ хэвээр үлдээх магадлалтай тул долларын ханш он дуустал унах чиг хандлагатай үргэлжилж магадгүй байна.  

Мөн Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг “stable” буюу тогтвортой төлөвөөс “negative” буюу тогтвортой бус төлөв рүү шилжүүлжээ. Зээлжих зэрэглэлийн төлөвийг өөрчлөхөд АНУ-ын төсвийн алдагдал өндөр гарсан, төсвийн тодотгол хийхэд үйл явц их байгаа нь голлон нөлөөлжээ.  

Ингээд Moody's, fitch зэрэг зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагууд АНУ-ын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Энэ нь АНУ-д орж ирэх гадаад валютын хөрөнгө оруулалтыг бууруулах ба долларын олон улсад гаргах бондын эрэлтийг сулруулж USD-ийн эрэлтийг  буурах учир долларын ханшинд сөрөг нөлөөтэй юм. 

Зураг 1: АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн өөрчлөлтийн график.

Зураг 2: USD/MNT сүүлийн 1 жилийн ханшийн график.

Эх сурвалж: Investing.com

🌏 Түүхий эдийн мэдээ /Алт ба Газрын тос/ 

🟡 Газрын тос
OPEC+ орнуудын уулзалт 2023.11.26-нд болох байсан ч 11 сарын 30 хүртэл хойшилсны дараа газрын тосны үнэ баррель нь 72 ам.доллар хүртэл унасан ч эргээд хойшлогдсон уулзалтын өмнө 78 ам. Доллар хүртэл өслөө. 

Шалтгаан нь ОХУ болон Саудын Арабын улс нийлүүлэлтийг танах шийдвэрээ үргэлжлүүлж магадгүй гэсэн таамаглал дээр тогтсон байна. 

Харин уулзалт хойшлогдсон шалтгаан нь Африкийн орнууд болох Ангол, Нигери, Конго зэрэг улсууд газрын тосны гарцаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаатай холбоотой юм. 

🟡 Алт
Мягмар гарагт Consumer Confidence мэдээ xүлээлтээс өндөр гарсан ч өнгөрөгч сараас бага байсан байна. Орой нь Төв Банкны гишүүн Валлер Төв Банк инфляцыг 2% дээр авч ирэхэд бодлогын xүүг xангалттай өндөр гэж үзэж байгаа. Цаашид бодлогын xүүг xасаж ч магадгүй гэж xэлсэн нь шөнө 23:30 цагаас xойш долларыг унагаж, алтыг xүчтэй өсгөн 2050 ам.долларт хүргэв. 

Лxагва гарагт АНУ-ын ДНБ 5.2% буюу маш өндөр гарсан нь ам. долларыг түр зуур өсгөн алтыг бага зэрэг унагасан байдалтай арилжаалагдаж байна. 

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.

🟢 Amazon хиймэл оюун ухааны шинэ чипээ танилцуулав.
Өчигдөр Лас Вегас хотод болж буй Reinvent чуулганы үеэр Amazon компанийн үүлэн технологийн нэгж AWS-ээс хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан Trainium2 чип болон Graviton4 процессорыг танилцуулсан байна. 

Энэхүү чипийг Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх боломжтой юм байна. Өнгөрсөн жил ChapGPT танилцуулснаас хойш Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт эрс өсөж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь хөгжүүлэгчдийн хувьд асуудал дагуулаад байсан юм. 

Энэ сарын эхээр үүлэн технологийн гол хөгжүүлэгчдийн нэг Microsoft компани Maia 100 чипийг танилцуулсан ба Microsoft Azure үүлэн технологийг мөн адил Nvidia компанийн H200 GPU-д ашиглана. 

Үл хөдлөх хөрөнгийн үнэ саарах уу? 🤔

Орон сууцны барилгын өртөг энэ оны III улиралд өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх улирлаас 5.1 хувиар буурсныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Өмнөх улирлаас буурахад материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин орон сууцны үнийн ерөнхий индекс есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсныг “Тэнхлэг зууч” компанийн тайланд дурджээ. 

Монгол Улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн, валютын нөөц зэрэг макро үзүүлэлтүүд өсөлттэй байгаа ч энэ онд барилгын салбар төдийлөн сайнгүй байгааг салбарынхан онцолж байна. 

Тухайлбал: Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламж цөөрсөн, барилгын салбарт зээл олгохгүй байгаа, ипотекийн зээл олголт буурсан зэрэг нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байгаа аж. 

Түүнчлэн барилгын салбарт борлуулалт өмнөх оноос эрс буурснаар барилгын төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн хооронд бартерын харилцаанд орж байгаа, мөн бэлэн мөнгөний хомсдол зэрэг нь эргэлтгүй болоход нөлөөлж байгааг салбарынхан онцолж байсан юм.

Иймд тус салбарыг дэмжихэд төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын санхүүжилтийг саадгүй олгож, дуусаагүй барилгуудын ажлыг дуусгах, үр ашиггүй барилга дэд бүтцийн ажил шинээр эхлүүлэхгүй байх, үр ашигтай томоохон төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотой концессоор хийх хэрэгтэй гэж Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодотгож байв.

Эх сурвалж: Тэнхлэг зууч

Reply

or to participate.